ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 17:19:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг томиллоо.

ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдож, үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг өргөн барьсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Оюунхорол гишүүн, “ЗГХЭГ бол яамдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдсэн. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх вэ. Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэхэд ямар бодлого баримтлах вэ” хэмээн тодрууллаа.

Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, “Инфляцийг бууруулж, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлд зохицуулалт хийх шаардлага үүсч байгаа. Тиймээс сар шинийн баяр өнгөрсний дараа инфляцийг бууруулахын төлөө Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллах болно. МАН-ын мөрийн хөтөлбөр бол дундаж давхрагыг дэмжихэд чиглэж байгаа. Тиймээс иргэдийн амжиргааг дээшлүүлэх, дундаж давхрагыг дэмжих чиглэлд анхаарч, шаардлагатай гэж үзвэл ЗГХЭГ-т алба, хэлтэс байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Харин С.Эрдэнэ гишүүн ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг хуулийн дагуу, үнэн зөвөөр шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад анхаарах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 17.5 хувийн өсөлттэй байсан бол 2016 онд 0 хувь болсон. Өнөөдрийн байдлаар 6.5 хувь болж өссөн гэдгийг нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ хэлээд, “ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлыг хуулийн байгууллага ч мөн шалгаж байгаа. Хуулийн дагуу, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Түүнчлэн Ж.Батзандан гишүүн ЖДҮХС-гаас гадна Засгийн газрын бусад тусгай сангуудад хийж буй шалгалтыг нэн даруй дуусгаж, хууль зөрчсөн үйлдлүүдийг илрүүлэн, хариуцлага тооцохыг захилаа.

Хууль зөрчиж олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, газрын хэвлийн баялгийг иргэдийн өмчид шилжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг Т.Аюурсайхан гишүүн хэлсэн юм.

Ингээд санал хураахад гишүүдийн 88.1 хувь дэмжиж, Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежмент, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Улмаар 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг Боловсрол судлалын магистр, 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Улс төр судлаач, 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалсан юм.

Тэрбээр 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, 2006 онд “Дэлхийн зөн Монгол” байгууллагын Бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ