Махны экспортын талаар Элчин сайд Цай Вэньруйтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-08 13:39:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай өнөөдөр уулзлаа. Ярианыхаа эхэнд сайд З.Мэндсайхан коронавирус цар тахлын улмаас Замын-Үүд-Эрээний боомт дээр мах махан бүтээгдэхүүний экспорт, хүнсний нарийн ногооны импортын тээвэрлэлт удааширч байгааг хэлээд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд шуурхай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.


Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад малын гоц халдварт өвчин гараагүй тул баруун бүсээс үхэр, хонь, ямааны гүн хөлдөөсөн махны экспортыг сэргээх саналыг дахин уламжлав. Мөн талууд ойрын хугацаанд Монгол Улсаас экспортлох зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын дайвар түүхий эдийн хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохирох, холбогдох эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр хэлэлцэв.


Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ коронавирусний сүүлийн зарим тохиолдол гүн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс илэрч байгаатай холбоотойгоор БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг 100 хувь ариутган, халдваргүйжүүлсний дараа нэвтрүүлэх журам хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Уулзалтаар хэлэлцсэн ажлыг эрчимжүүлж, тулгараад байгаа зарим асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллаж, анхаарал хандуулахаа Элчин сайд Цай Вэньруй илэрхийллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.


Холбоотой мэдээ