Ж.Байден, К.Фүмио нар уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-11 09:40:55

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар лхагва гарагт Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийлээ. Тэд дэлхийн түнш орны-ийн хувьд хоёр улс нягт холбоотой гэдгийг онцлоод, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.


Хоёр удирдагчийн хэн хэн нь дэлхийн зөрчилдөөнд татагдан орохоос өөр аргагүйд хүрсэн бөгөөд Орос, Умард Солонгос, Хятадыг хэрхэн тогтоон барихтай холбоотой сорилтуудын талаар хэлэлцсэн байна.


Ж.Байден К.Фүмиод хандан хэлсэн үгэндээ, хоёр талын хамтын ажиллагаа нь энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн тулгын чулуу юм гээд, энэхүү хэлхээ холбоо түүхэндээ байгаагүйгээр хүчирхэгжээд байгааг дурджээ. К.Фүмиогийн хувьд, өдгөө Япон, АНУ хоёр улс хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалах, бэхжүүлэх тал дээр тэргүүн эгнээнд явж байна гэлээ.


Талууд эдийн засгийн аюулгүй байдал, батлан ​​хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон бөгөөд үүнд харилцаа холбоо, зохицуулалтыг сайжруулахын тулд командын бүтцийг шинэчлэх ажил багтжээ. Ж.Байден мэдэгдэхдээ, бид өнөөдөр хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцсан нь зөвхөн батлан хамгаалах, бэлэн байдлын тухай юм, энэ нь аль нэг улс үндэстэн эсвэл бүс нутагт аюул заналхийлэхэд чиглээгүй гэлээ.


Хоёр удирдагч мөн Хятадтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн чухлыг онцоллоо. Түүнчлэн БНАСАУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэх Японы оролдлогыг Ж.Байден сайшааж, К.Фүмио ийм дээд хэмжээний уулзалт нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд “ашиг тустай” гэж мэдэгдсэн байна.


Японы Ерөнхий сайд хэлэхдээ “Хүний нэр төрийг дээдэлсэн дэлхий ертөнцийг бүтээхийн тулд бид хамтдаа үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Мөн Япон үргэлж АНУ-ын талд тууштай зогсох болно гэжээ. Тэрбээр пүрэв гарагт Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ.

Холбоотой мэдээ