ДАРХАН-УУЛ: Ахмадууд бүжгээр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын ахмадын баярын өдөр. 32 дахь жилдээ тэмдэглэж буй уг баярыг тохиолдуулан Дархан сумын ЗДТГ-аас ахмад бүжигчдийн дунд “Цэнгээнт бүжгийн аварга” шалгаруулах тэмцээнийг ням гарагт зохион байгууллаа.
Хүн амын эрүүл зан үйл, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой тус үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
12 дахь жилдээ болсон уг тэмцээнд 126 ахмад 12 төрлөөр өрсөлдсөн байна. Цэнгээнт, нийтийн, хосын, ганцаарчилсан, хамтлаг зэрэг төрөл тус бүрд аваргуудаа тодруулсан бөгөөд бүжгийн спортоор хичээллэх нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаардаг гэж ахмадууд онцолж байлаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 45/106 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бол Монгол Улсын Засгийн газар 1992 оноос эхлэн энэхүү өдрийг "Монголын ахмадын өдөр" болгон тэмдэглэж иржээ.